Tamiraa’s Weblog

March 25, 2008

ТА МОНГОЛЫН ИРГЭН БИШ.

Filed under: Сонгууль — by tamiraa @ 7:15 am

ТА МОНГОЛЫН ИРГЭН БИШ.

(Гадаадад суугаа монголчуудад хандсан ил захидал)

www.tamir.mn
1. Захидлын тухай. 2008 оны 3-р сарын 23-ны өдөр Цахим өртөөнөөс ирсэн нэгэн мэйлийг уншлаа. Захидлыг гадаадад суугаа монголчуудад зориулан бичсэн бөгөөд та монгол улсын иргэн мөн үү? гэсэн асуулт тавиад гадаад дахь монголчуудыг сонгуульд оролцуулах тухай хуулийн заалтыг УИХ нэмэлт өөрчлөлтөөр хассаныг эсэргүүцжээ. Тэгээд санаа зовж явдаг хүний хувьд санал солилцохоор шийдлээ.

2. Шинэ хууль. 2004 оноос л гадаадад суугаа монголчуудыг сонгуульд оролцуулах асуудал нэлээд эрч хүчтэй хөндөгдөж эхэлсэн. Улмаар сонгуулийн өмнө ба сонгуулийн дараа сонгуулийн хуулийг шинэчлэх шаардлагатай тухай хэлэлцүүлгийг эхлүүлж эл сэдвээр олон нийтлэл, нэвтрүүлэг гарсан юм. Захидлыг бичигч миний бие ч гэсэн бүр 2002 онд улс төрийн нам, сонгуулийн санхүүжилтын тухай “Шинэ толь” сэтгүүл дээр, 2004 онд сонгуулийн өмнө “Сонгогчийн зан үйл, тойргийн хэв шинж, шилжих хөдөлгөөн”, сонгуулийн дараа “Булхайтай ардчилал”, 2005 онд “Хүний эрх ба сонгууль” зэрэг цөөнгүй өгүүллийг Өнөөдөр сонин, форумын вэб сайтуудад нийтлүүлж байв.(www.forum.mn) Мөн уг асуудлаар явагдсан ТВ-ийн болон ОУ-ын байгууллагуудын хэлэлцүүлэгт судлаачийн хувиар идэвхтэй оролцсон, тухайлбал 2005 оны 5-р сарын 13-ны өдөр ННФ дээр болсон Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэгтэй хийсэн хэлэлцүүлэгт “гадаадад амьдарч байгаа иргэдийг сонгуульд оролцуулах тухай” хэлсэн саналын тэмдэглэлийг одоо ч сайтнаас нь үзэж болно. Ингэж сонгуулийн хуулийг өөрчлөхөд ямар нэгэн байдлаар оролцсон олон хүний нэг гэдгээ дашрамд дурдах нь даруу биш ч санагдаж байж магадгүй. Чухам ийм олон хүмүүсийн хүсэл санаачлагаар сонгуулийн хуульд “Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох эрхтэй”, “Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална” гэсэн заалтыг тусгаж 2005 оны 12-р сарын 29-ний өдөр баталсан билээ.

3. Хуйвалдаан. УИХ дахь АН-ын З.Энхболд, МАХН-ын Р.Нямсүрэн нарын гишүүд зөвшилцөн санал оруулснаар 2007 оны 12-р сарын 21-ний өдрийн (баасан гариг байв) БХ-ны хурлаар огт хэлэлцэлгүй санал хурааж, улмаар 12-р сарын 26-нд (дараагийнх нь лхагва гариг) УИХ-ын чуулганд оруулж иржээ. Нэгдсэн хуралдаанаар мөн л асуудлыг огт хэлэлцэлгүйгээр дээрх хоёр заалтыг, мөн “Эмэгтэйчүүдийн квот”-ын тухай заалтыг хассан юм. Ингэж ажлын гурав хоногт хэдэн мянган сонгогчийн эрхийг хассан шийдвэр гарсан бөгөөд парламент бүх асуудлыг ийм хурдаар шийддэг бол монголчууд их л хурдан хөгжих байсан, хэрвээ бүх асуудлыг ингэж огт хэлэлцэлгүйгээр хуйвалдаж шийддэг бол мөн ч аюултай юм. Шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан иргэд үүнийг анхаарахгүй өнгөрнө гэсэн тооцоо нь ч зөв байв. Нэгдсэн чуулганы өмнө намын бүлгүүд далд тохирсон байсан учир ядаж санал ч асуусангүй шууд батлах санал гаргахад арга ядсан эмэгтэй гишүүд хурлыг хаяж гарав. Өмнөөс нь ичиж үхмээр эрээ цээргүй ийм үйлдлийг ажиглаж суухад хүртэл амар байгаагүй юм. Удалгүй Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос зохиосон мартын баярын хурлын гол илтгэлийг З.Энхболд тавьж эмэгтэйчүүдэд барьсан бэлгээ онолын хувьд тайлбарласан юм.

4. Сонгуулийн реформ зогсов. Үүнтэй зэрэгцэн сонгогчдод мөнгө тараагаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд порпорциональ системийг сонгох санаачилгыг урьд нь үргэлж эсэргүүцэж байсан МАХН анх удаа дэмжив. Харин АН өмнөх байр сууринаасаа ухарч жадлан эсэргүүцэв. Энэ үед л цахим өртөөнийхний дуу хоолой дөнгөж цухуйв. Порпорциональ системийг санаачилсан Э.Бат-үүл тэргүүтэй гишүүд намын бүлгээсээ банга хүртэн дуугаа хураалаа. Нэг бол Э.Бат-үүлийн яриад байсан ардчилалд тулгарах аюул нь гэнэт алга болсон, эс бөгөөс ардчилсан намын зөвлөл Э.Бат-Үүлийг нухчин дарснаар МАХН-ын удирдах зөвлөлтэй ижилхэн болсноо харуулав. Өөрсдөд нь хамаагүй юм байдаггүй онолчид хүртэл энэ тухай дуугүй байх нь дээр гэж үзэв. Судлаач Д.Баярхүү, эдийн засагч З.Батболд, тоймч А.Баатархуяг, МАХН-ын Т.Гантулга гээд цөөхөн сэхээтнүүд л зоригтой дэмжсэн юм. Мэдээж эмэгтэйчүүдийн сүлжээ тууштай байж гар хумхин суусангүй, квотыг хассан өдрөөс нь эхлээд л тэмцлээ өрнүүллээ. Анх удаа С.Оюун, Д.Арвин, Б.Мөнхтуяа, Б.Туяа нар хурал хаялаа. Эмэгтэй гишүүд дотор парламентын гишүүний энд хүрэхгүй хүмүүс бий. Гэхдээ тэд өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэж байгаа учраас би тэднийг хүндэтгэдэг юм. Тийм ч учраас квотыг дэмжиж “Эрээс алдуурсан эм” гэдэг өгүүллийг тэрлэсэн, эмэгтэйчүүд зогсохгүй, тэд одоо гарын үсэг цуглуулж, хэвлэлийн бага хурал хийж байна.

5. Харин та нар юу хийв? Харин одоо би гадаадад суугаа монголчуудаас “Та нар өөрсдийнхөө сонгуулийн эрхийг олж авахын төлөө юу хийсэн юм бэ?” гэж асуух цаг болсон гэж бодож байна. СЕХ, УИХ-ын даргад захидал бичээд л асуудал шийдэгдчихнэ гэж найдвал дэндүү гэнэн хэрэг. Аль эсвэл зүгээр комьютерийнхээ ард нуугдаж өөрсдөөс нь өөр хүн ордоггүй сайтандаа гомдлоо бичээд л, монголд ёстой найдвар алга байна гэж дүгнээд л гүйцээ юу? Хамгийн өндөр боловсролтой, хамгийн идэвхтэй, хамгийн иргэнлэг, хамгийн ардчилсан гэж итгэл найдвар тавьдаг хүмүүс өөрсдийнх улс төрийн эрхийг булааж авсан хүмүүсийн эсрэг хийж чадах зүйл ердөө л энэ үү? Ганцад суугаа хулгайч хүртэл шүүхээр ёсчлогдоогүй учраас сонгуульд саналаа өгдөг юм шүү дээ. Та нар минь тэд нараас дор гэж үү? Хэнд юуг найдаад суугаа чинь гайхалтай байна. Өнөөдөр та нарыг эрх мэдэлтнүүд сонсохгүй, яагаад гэвэл та нар сонгогч биш, та нар санал өгөхгүй учраас. Тиймээс та бүхний нэг номерын зорилт бол монголыг хөгжүүлэх биш, монголоо аврах бүр ч биш, эхлээд өөрсдийнхөө сонгуулийн эрхийг олж авах юм. Сонгуулийн эрхээ олж авч сонгогч болсны дараа л та нарыг анхаарна, ядаж тоог чинь гаргана, дараагийн төвшний яриа өрнөнө. Ингэж байж л та нар монголоо, иргэний ардчиллаа хамгаална. Монголын элчин сайдын яамныхан чухамдаа монголчуудаа хүн гэж тоодоггүйн цорын ганц шалтгаан ч энд бий.

6. Худалдагдсан ардчилал. Хувьсгалт намынхан ба эксардчилагчид нийлж өөрсдөдөө ашигтай бүхний төлөө улайрч реформоос ухарч байна. Нэг нь гадаадад суугаа монголчуудыг санал өгүүлэхгүй байх хүсэлтэй байхад, нөгөөх нь эмэгтэйчүүдийн квотыг хасах хүсэлтэй аж. Тиймээс яг үнэндээ Ардчилсан намын удирдлага та нарын саналын эрхийг МАХН-д эмэгтэйчүүдийн квотоор зарчихсан юм. Уг нь тэд 2004 онд мөрийн хөтөлбөртөө үүнийг амлаж байсан юм. Тухайлбал “Эх орон-Ардчилал”-ын сурталчилгааны сонин дээр “Гадаадад байгаа иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хангана” гэсэн бол МАХН ч гэсэн үүнийг дэмжинэ гэж цагаан дээр хараар бичсэн байгаа. Амлалтаа мартлаа, баталсан хуулиасаа ч ухарлаа, ардчиллаар панз хийлээ.

Сонгуулийн мөрийн хөтөлбөр ба хуулинд зааснаасаа урвасан хоёр нүүр гаргасан гишүүдийг нийтэд зарлаж байна Намын харьяалал
1 Д.Дондог /ТББХ-ны дарга/ МАХН
2 З.Энхболд /хуулийн төсөл санаачлагч/ АН
3 Р.Нямсүрэн /хуулийн төсөл санаачлагч/ МАХН
4 Э.Бат-Үүл АН
5 М.Энхсайхан ҮШН
6 Д.Идэвхтэн МАХН
7 С.Баярцогт АН
8 Ц.Нямдорж МАХН
9 С.Ламбаа АН
10 М.Зоригт ИЗН
11 Т.Бадамжунай МАХН
12 Р.Бадамдамдин МАХН
13 Д.Насанжаргал МАХН
14 Р.Раш МАХН
15 Ж.Гүррагчаа МАХН
16 Д.Лүндээжанцан МАХН
 Нийт МАХН 10/62.5
 АН+ИЗН+ҮШН 4+1+1/6/37.5

Цахим өртөөнийхөн захидалдаа сонгуулийн мөрийн хөтөлбөр ба хуулинд зааснаасаа урвасан, хоёр нүүр гаргасан гишүүдийг нийтэд зарлажээ. Тэдний дотор цагтаа ардчиллын төрх болж байсан М.Энхсайхан, Э.Бат-Үүл нар хүртэл орчихсон байхад алдагдсан үеийн тод томруун жишээ болсон Р.Нямсүрэн, Д.Дондог нартай юу ч ярихав дээ. Хийсэн үйлдлийнхээ төлөө хэзээ ч хариуцлага хүлээж үзээгүйгээрээ алдагдсан үеийнхэн ижилхэн дээ. Гайхалтай нь Ерөнхийлөгч нэмэлт өөрчлөлтөнд хориг тавьж ардчилагдаж байгаагаа нотоллоо. Одоо Польш шиг хэн нь коммунист, хэн нь ардчилагч гэдэг нь хүртэл мэдэгдэхээ болилоо. Та нар ийм хүмүүст эх орныхоо хувь заяаг хаяад үлдээх гэж байна уу? Аль эсвэл та бүхэн өөрсдийнхөө төлөө тэмцэх гэж байна уу? Яг үнэндээ та нарын сонгуулийн эрхийн төлөө та нараас илүү сайн тэмцэх хүмүүс байхгүй шүү дээ.

7. Шүүмжлэгч үү, Оролцогч уу? Шуудхан хэлэхэд би та нарын тэмцлийг олж харахгүй байна. Та бүхэн шүүмжлэгч байх уу, оролцогч байх уу гэдгээ сонгох цаг болсон. Та нарын улс төрийн эрхийг чинь хасч хоригдлоос доор болгоод байхад чинь бид улс төржихгүй гээд л суугаад байх юм уу. Орон гэрт хулгайч орчихоод байхад улс төржиж болохгүй гээд комьютерээ хараад суугаад байх юм уу? Нэгэнт хууль батлагдсан л бол бүх зүйл дууссан биш харин эхэлж л байгаа хэрэг шүү дээ. Юуны өмнө “Гадаадад амьдарч байгаа монголчуудад сонгуулийн эрхийг хамгаалах” хөдөлгөөнийг санаачлах нь тун чухал байна. Тэгээд та нар нэвтрүүлэг хийж болно, нийтлэл бичиж болно, дээрх гишүүдэд саналаа өгүүлэхгүй байх компани өрнүүлж болно, ар гэрийнхэндээ захиж болно, захиагаар булж болно, мөрийн хөтөлбөр боловсруулагчдад шахалт үзүүлж болно. Үндсэн хуулийн цэц, “Хүний эрхийн комисс”-д хандаж болно, уг нь үндсэн хууль та нарын талд байгаа шүү дээ. Ямар боловч би итгэж байна, та нар амжилтанд хүрнэ. Зуу хол давсан мянган хүнийг төлөөлсөн тэмцэл амжилт олох л учиртай. Тиймээс та нар монголын ирээдүй мөн юм бол ЗОЧИН шиг биш ЭЗЭН хүн шиг л байгаа ч дээ. Монгол орон өнөөдөр асар их ашигт малтмал, их гүрнүүдийн ашиг сонирхолд өртөж урьд нь хэнд ч тоогддоггүй ч өөрийн жамаараа хөгжиж байсан ардчиллын ололтуудаас ухарч ч болзошгүй байна. Ашигт малтмал ардчилал хоёрын аль нэгийг сонго гэвэл эхнийхийг нь сонгох хүмүүсээр монгол орон дүүрчихээд байна.

8. Та монголын иргэн биш. Ирсэн захидал асуултаар төгсжээ. Асуултанд шуудхан хариулбал та нар монголын иргэн биш. Хаанахынх гэдгийг нь мэдэхгүй ч лав л монголынх биш. Тийм учраас эх орондоо ирээд сайхан амьдрах мөрөөдлөөр жигүүрлэж Солонгост 4 жил хөлсөө урсгаж байгаа эрэгтэй дүү минь ч монголын иргэн биш, хүний зэрэгтэй боловсролтой болохоор Австрид сурдаг охин дүү минь ч монгол биш. МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ТА НАРЫГ ИРГЭН БИШ ГЭЖ БАТАЛЖ БАЙХАД элчингийнхэн та нартай нохойноос доор харьцах нь зөв шүү дээ. Та өөрийнхөө төлөө ихийг хийсэн байх, ХАРИН МОНГОЛЫН ИРГЭН БАЙХЫН ТӨЛӨӨ ЮУ ХИЙСЭН ЮМ ВЭ?
  2008 оны 3-р сарын 23.

Хүндэтгэсэн

Ч.Тамир, Бодлогын судлаач, МУИС-ийн багш

Advertisement

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Theme: Toni. Blog at WordPress.com.

Follow

Get every new post delivered to your Inbox.